Ховд аймаг 2024 оныг “Хүүхдэд ээлтэй-Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд хүүхэд хамгааллыг сайжруулах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор
"Ногоон бүс" камержуулалтын ажил хийж байна.
Өнөөдөр \2024.06.07\ Цагдаагийн газрын дэргэд -Теле камерын хяналтын дэд төв"-ийг ашиглалтад хүлээж авлаа. Уг ажлыг орон нутгийн төсвийн 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.
“Ногоон бүс” төслийн нэгдүгээр багцад аймгийн төв буюу Жаргалант сумын нутаг дэвсгэрт авто замын 89 уулзварт 300 ширхэг хяналтын камер суурилуулжээ. Мөн хиймэл оюун ухааны 50 ширхэг лиценз, 30 ширхэг автомашины дугаар илрүүлэгчтэй камеруудыг суурилуулсан байна.
Төслийн хоёрдугаар багцад аймгийн төвийн 196 орон сууцны гадна орчин, 12 багийн гэр хороолол, зуслангийн бүс, хөдөөгийн 16 сум, Булган хилийн боомт, олон улсын болон хөдөөгийн сумдыг холбосон 1200 гаруй км хатуу хучилттай авто замыг камержуулж, 2024 оны 3 дугаар улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гүйцэтгэгч тал ажиллаж байна.
Ингэснээр олон улсын жишигт нийцсэн камерын нэгдсэн хяналт бий болж, иргэдийн аюулгүй амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой.