Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баяр болов



Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолын арга хэмжээг /2023.06.09/ зохион байгуулав. Тус арга хэмжээнд:

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх холбогдох албаны төлөөллийн хамтаар оролцлоо.


Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх үйлсэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв.


Баруун хилийн зэвсэгт тулгаралт нь Монгол Улсын XX зууны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал бөгөөд тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард түмнийхээ эрх чөлөөг бататган бэхжүүлсэн баатарлаг эх орончдоо эргэн дурсаж, гавьяа зүтгэлийг нь алдаршуулан мөнхжүүлэх нь үр хойч бидний эрхэм үүрэг гэдгийг онцолсон юм.



Мөн энэ өдөр Баруун хилийн зэвсэгт тулгаралтад амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан босгосон гэрэлт хөшөөг нээв.
Ховд аймгийн Булган сумын Увш хааны талбайд босгосон 12.7 метр өндөр гэрэлт хөшөөг цагаан гантигаар бүтээж, оройд нь Төрийн соёмбыг дүрсэлж, өмнө нь мөнхийн галыг бадраалаа.



Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан Ховд аймгийн Булган, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Баян-Өлгий аймгийн Алтай, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа.


Мөн тус ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт, түүхийн музейг үзэж сонирхов.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ