Улирал бүр “ХОВД-АЖЛЫН БАЙР” хөдөлмөрийн яармаг зохион байгуулна



Өнгөрсөн 2022 оны 10 дугаар сараас хойш Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран “ХОВД-АЖЛЫН БАЙР” хөдөлмөрийн яармаг зохион байгуулж байна. “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” бодлогын хүрээнд хийж буй энэ өдөрлөгт өнгөрсөн хугацаанд 1500 орчим иргэн оролцож үр дүнд нь 516 ажлын байр зарлагдан 175 хүн ажилд зуучлагджээ. 



Иргэдийг ажилд зуучлах, ажил олгогч, ажилтан хоёрыг холбож ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал үр дүнгээ өгч байгаа учир тус арга хэмжээг энэ жилээс эхлэн жилд дөрвөн удаа буюу улирал бүр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 



Үүний дагуу өнөөдөр /2023.05.09/ энэ оны хоёрдугаар улирлын хөдөлмөрийн яармагийг зохион байгууллаа. Энэ үеэр төр, хувийн хэвшлийн 430 ажлын байр зарлагдаж ажил олгогчид ажлын байраа танилцуулан материал хүлээн авлаа. Ихэнх ажлын байр нь дэд бүтэц, ХАА, барилга, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн салбарт гарч байна. 

Өдөрлөгийн үеэр Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй 70 гаруй иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж худалдан борлуулалт хийлээ.



“ХОВД-АЖЛЫН БАЙР”
хөдөлмөрийн яармагт аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа оролцлоо. 

Тэр бээр, ойрын жилүүдэд 2000-3000 ажлын байр бий болно гэсэн тооцоо бий. Тиймээс боловсон хүчнээ бэлтгэхэд анхаарах ёстой. “ХОВД-АЖЛЫН БАЙР” хөдөлмөрийн яармагийн үеэр зөвхөн ажлын байр танилцуулаад зогсохгүй мэргэжлийн байгууллагатай хамтран сурган дадлагажуулах ажлыг мөн давхар хийж байгааг хэлсэн үгэндээ онцоллоо.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ