Ховд аймгийн Булган сумын нийт хүн амын 50.01 хувь буюу 5384 нь эмэгтэйчүүд байгаагаас 820 гаруй нь малчин. Үүний 400-г нь хамруулсан
“ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ыг энэ сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулав.
Ховд аймгийн ХАА газар, Мал эмнэлгийн газар, Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулсан тус чуулга уулзалтын үеэр оролцогчдод “Монгол малчин үндэсний хөтөлбөр”, “Хөдөөгийн сэргэлтийн бодлого”, “Нээлттэй Ховд” хөтөлбөрийн талаар танилцууллаа.
Мөн малчдын хоршоо, хариуцлагатай мал аж ахуйг хөгжүүлэх, нийгмийн хамгааллын төрийн үйлчилгээний талаар мэдээлэл өгч, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулав.
Тус чуулга уулзалтад аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж малчин эмэгтэйчүүдийн санал бодлыг сонсов.
Чуулгад оролцсон зарим эмэгтэйчүүд:
-Хөдөө орон нутагт залуу малчдын залгамж халаа дутагдаж байгаа,
-Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг дахин боловсруулах замаар үнэд хүргэх,
-Уул, уурхай дагасан хог хаягдал байгаль орчин, бэлчээрт багагүй бохирдол үүсгэж байгаа,
-Малчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарах зэрэг асуудлыг хөндөж харилцан санал солилцов.
Булган суманд өвөлжилт хүндхэн болж өнгөрсөн ч малчид хатуу өвлийг харьцангуй хохирол багатай даван туулжээ. Сумын хэмжээнд 277 000 толгой мал өвөлжиж хаваржиж байна. Цаг хүнд байсан ч тус сумын малчид энэ хавар 64000 толгой төл хүлээн авсан байна.
“ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-д оролцсон малчин эмэгтэйчүүд
“Буурлын харын цогцолбор”-т дурсгалын мод тарьж
“ТЭРБУМ МОД” Үндэсний хөдөлгөөнд нэгдэн өөрсдийн хувь нэмрээ орууллаа.