Ойрын хугацаанд 400 тн хүртэлх хэмжээний тэжээлийн нөөц бүрдүүлэхээр болжээ

Сүүлийн өдрүүдэд Ховд аймгийн ихэнх нутгаар ихээхэн хэмжээний цас орлоо. Үүний улмаас мал хаваржилтад хүндрэл учирч зарим сумдад мал хотноосоо гаралгүй гурав хоносон. Малчдад өвс, тэжээл хүргэхээр явсан зарим иргэд төөрсөн, зам даваа хаагдсан байдалтай байна.  



Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр /2023.05.07-ны 14:00 цагт/ аймгийн Онцгой комисс хуралдав. 

Хурлаар нөхцөл байдлын мэдээллийг сонсож авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. Хаваржилт хамгийн хүнд байгаа Дуут, Мөст, Мөнххайрхан, Манхан, Цэцэг, Ховд зэрэг сумдад Улсын нөөцөд байсан өвс, тэжээлийг хуваарилан хүргэх ажлыг шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэн хүргэж эхэллээ. 



Цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид энэ сард дахин цас орох төлөвтэй. Бас олон жилийн дундажтай харьцуулахад сэрүүхэн байх юм. 
Өөрөөр хэлбэл зургаан сарын нэгэн хүртэл өвс, ногооны ургалт мал цадах хэмжээнд хүрч чадахгүй. Тиймээс, ойрын хугацаанд 400 тн хүртэлх хэмжээний хорголжин болон хивгэн тэжээлийн нөөц бүрдүүлж малчдад зохих үнээр нь олгохоор боллоо. 


Аймгийн хэмжээнд 3.4 сая толгой мал өвөлжиж хаваржсан. Үүнээс 1.4 сая толгой мал төллөхөөс одоогоор 600.000 төл хүлээн авч бойжилт 80 хувьтай байна. Статистик мэдээллээс харахад 63000 орчим мал хорогдсон. 

Нийт малын 50-60 хувийг нь зургаан сар хүртэл тэжээнэ гэж тооцоолж дээрх нөөцийг бүрдүүлэхээр шийдвэрлэлээ.



Аймгийн Онцгой комиссын хурлаар чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллага, анги, албадыг бэлтгэл, бэлэн байдлаа ханган ажиллах үүргийг мөн өглөө.

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ