Аймаг, орон нутгийн удирдлагууд Манхан сумын иргэдтэй уулзалт хийв



“НЭЭЛТТЭЙ ХОВД”
өдөрлөгийн хүрээнд өнөөдөр /2023.05.04/ аймгийн Засаг дарга Э.Болормаа албаны бусад төлөөллийн хамтаар Манхан сумын иргэдтэй уулзалт хийлээ. 

Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Гэрэлсүрэн, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Цогтбаяр нарын албаны бусад төлөөлөл оролцлоо. Энэ онд тус сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохионо. Тиймээс хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил багагүй байгааг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди яриандаа онцлов.



Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Э.Болормаа: Засаг даргаар томилогдсоноос хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтынхоо талаар мэдээлэл хийж иргэдийн саналыг сонсов.



Э.Болормаа:Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, шударга ёсыг тогтоох, “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Ялангуяа:
-Иргэн бүрд 0,07 га газар олгох, 
-“ТООН ГАРЫН ҮСЭГ” олгох, 
-Иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах ажлыг илүү эрчимжүүлнэ. Тиймээс сум, багийн Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлаж ажлыг нь дүгнэх нэг үзүүлэлт болгосноо онцолж иргэдийг ч идэвхтэй оролцохыг уриаллаа. 



Манхан сум нийт 4300 гаруй хүн амтай. Одоогоор 0-17 насны хүүхдийн 40.0 хувь нь 18-аас дээш насны иргэдийн 12.5 хувь нь эрт илрүүлэгд хамрагдсан байна. Харин сумын хэмжээнд 2700 иргэн тоон гарын үсэг олгохоос 1080 буюу 40.0 хувь нь хамрагдсан мэдээтэй байна.  

Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны талаар мэдээлэл өгч орон нутагт шударга ёс, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж эхэлснийг онцлов. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар товч мэдээлэл өгөв.



Уулзалтад оролцсон Манхан сумын зарим иргэд:

-“НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөг зохион байгуулж олон иргэдэд төрийн болон эрүүл мэндийг үйлчилгээг үзүүлсэн нь ач холбогдолтой ажил байсныг онцлоод цаашид уламжлал болгох хэрэгтэйг зөвлөж ажлын амжилт хүслээ.



Түүнчлэн:
-МАА, газар тариаланг хослуулан хөгжүүлж малчдыг дэмжих,
-Байгалийн нөөцийг хамгаалж зөв зохистой ашиглах, орон нутгийн иргэдийн санал санаачилгыг дэмжиж байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төсөл хөтөлбөрийн байгууллагатай уялдуулж өгөх,
-Аймаг, сум, багийн ажлын уялдаа холбоог сайжруулж шат шатандаа бодлогоо хэрэгжүүлдэг байх,
-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт их байгаа. Ядаж мах, гурил, сүүний үнийг тогтвортой байлгах бодлого барьж ажиллах зэрэг асуудлыг сонирхон асууж холбогдох хариултаа авлаа. 



Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг 04 дүгээр сарын 24-өөс хойш нийт 10 суманд “НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөг зохион байгуулж төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ажиллав. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ