Аймгийн Засаг дарга Э.Болормаа Мөнххайрхан сумын иргэдтэй уулзалт хийв



“НЭЭЛТТЭЙ ХОВД”
өдөрлөгийн хүрээнд өнөөдөр /2023.05.03/ аймгийн Засаг дарга Э.Болормаа албаны бусад төлөөллийн хамтаар Мөнххайрхан сумын иргэдтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Э.Болормаа: 

Засаг даргаар томилогдсоноос хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтынхоо талаар мэдээлэл хийж иргэдийн саналыг сонсов.



Э.Болормаа:Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, шударга ёсыг тогтоох, “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Ялангуяа:

-Иргэн бүрд 0,07 га газар олгох, 
-“ТООН ГАРЫН ҮСЭГ” олгох, 
-Иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах ажлыг илүү эрчимжүүлнэ. Тиймээс сум, багийн Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлаж ажлыг нь дүгнэх нэг үзүүлэлт болгосноо онцолж иргэдийг ч идэвхтэй оролцохыг уриаллаа. 



Мөнххайрхан сум нийт 2170 гаруй хүн амтай. Одоогоор 0-17 насны хүүхдийн 22.4 хувь нь 18-аас дээш насны иргэдийн 18.3 хувь нь эрт илрүүлэгд хамрагдсан байна. Тус сумын иргэд хуваарийн дагуу Пүрэв гарагт эрт илрүүлэгд хамрагддаг. Аймаг, сумын Засаг даргын албан даалгаврын хүрээнд эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх үүднээс хуваарь гарган эхний ээлжид ХБИ-ийг, дараа нь бага насны хүүхэдтэй эхчүүдийг хамруулахаар төлөвлөжээ. Төрийн албан хаагчдын 75 орчим хувь нь хамрагдсан байна.

Харин сумын хэмжээнд 1436 иргэн тоон гарын үсэг олгохоос 920 буюу 64.0 хувь нь хамрагдсан мэдээтэй байна.  



Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны талаар мэдээлэл өгч орон нутагт шударга ёс, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж эхэлснийг онцлов. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар товч мэдээлэл өгөв.

Уулзалтад оролцсон Мөнххайрхан сумын зарим иргэд:

-Орон нутгийн зам, харилцааг сайжруулах, шаардлагатай техникээр хангагдсан учир шатахууны дэмжлэг үзүүлэх,
-Гэр бүлийн тогтвортой байдал, хүний эрүүл мэнд, хүүхдийн боловсролд анхаарах шаардлага байгаа учир залуу малчдыг дэмжих,
-Бараа таваар, эм, тарианы үнэ өндөр, нөөцийн өвсний чанарт анхаарах, 
-Хөдөөгийн иргэд аймгийн төвд 0.07 га газар авах боломжтой эсэх, иргэдэд гэр бүлийн хэрэгцээний газар олгох ажлын хэрэгжилт ямар шатандаа явж байгаа зэрэг асуудлыг сонирхон асууж саналаа хэлэв. 



Аймгийн Засаг дарга иргэдийн асуултад хариулт өгч зарим асуудлыг холбогдох газарт нь уламжлах, судалж шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ. 

Уулзалтын үеэр сумын Засаг дарга Б.Батболд сум орон нутгийн хаваржилтын нөхцөл байдал, хаврын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаар иргэдэд мэдээлэл өгөв. 



Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг маргааш /2023.05.04/ Манхан суманд “НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөг зохион байгуулж төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ