“Хүүхдийн өвчний цогц менежмент”-ийн сургалт болж байна



Ховд аймагт тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл тогтвортой буурахгүй байгаа гэсэн статистик үзүүлэлт бий. Тодруулбал, аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн дунджаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 19.9 болж улсын  дунджаас дээгүүр үзүүлэлттэй байсаар байна. 
Нярайн эрт үеийн нас баралтад дутуугийн шалтгаант амьсгал хямралын хамшинж, төрөлхийн хөгжлийн гажгийн шалтгаан зонхилж байгаа бол 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэлд сэргийлж болох эндэгдэл буюу осол гэмтлийн шалтгаант эндэгдэл нийт эндэгдлийн 20-28%-ыг эзлэж байна.
Энэ оны эхний 10 сарын байдлаар нярайн эндэгдэл 23 тохиолдол буюу 15,7 промилл, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 8,  нийт 31 тохиолдол буюу 21,1 промилл болж өнгөрсөн оны мөн үеэс 0,3 промиллоор нэмэгдсэн байна.



Иймд дээрх байдалд дүгнэлт хийж аймгийн ЭМГ нь Эрүүл мэндийн яам, аймгийн ЗДТГ-т  хүсэлт хүргүүлсний дагуу  “Хүүхдийн өвчний цогц менежмент”-ийн сургалтыг энэ сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад Хүүхдийн клиник, нярайн тасгийн эмч, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.



Эрүүл мэндийн анхан шатны байгууллагад ажиллаж буй ерөнхий мэргэжлийн эмч  нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх,  тэднийг ажлын байранд дагалдан сургах, улмаар бие биенээсээ харилцан суралцаж, туршлага солилцох, нөхцөл боломжийг бүрдүүлэхэд сургалтын зорилго чиглэж байна. 



Сургалтыг ЭХЭМҮТ-ийн үндэсний сургагч багш нар удирдан явуулж байгаа ба сургалтаар “2 сараас 5 хүртэлх насны өвчтэй хүүхдийг үнэл, ангил”,Жирэмсний хяналт, Нярай хүүхдийн өвчний менежмент, Эмчилгээг тогтоо, Хүүхдийг эмчил зэрэг 20 орчим сэдвийн хүрээнд онолын мэдээлэл өгч, дадлага ажиллуулж байна. Эмч мэргэжилтнүүд онолын мэдлэгээ нэмэгдүүлж, ажлын байранд дадлага хийж харилцан туршлага солилцсоноор хүүхдийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, өвчлөл буурна гэж үзэж байна. 

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ