Германы Олон Улсын Хамтын ажиллагааны Нийгэмлэг /GIZ/ Монголын ЖДҮ-ийн салбарыг дэмжих зорилгоор
“Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” төслийг Ховд, Орхон аймагт хэрэгжүүлж байна.
Төслийн үйл ажиллагааг оновчтой, орон нутгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлогод уялдуулан нийцүүлж хэрэгжүүлэх үүднээс “PROGRES” төслөөс “Төслийн төлөвлөлт, зохицуулалт” сэдэвт сургалтыг 09 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд УБ хотноо зохион байгууллаа.
Тус сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын ХОХБТХ-ийн дарга Б.Баярсүх, ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл, ХХААГ-ын хэлтсийн дарга Д.Эрдэнэдорж, Жаргалант сумын Засаг даргын орлогч Б.Туулайтулга, “Шинэ Ховд Баруун бүсийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ-ын захирал Ш.Батжаргал нарын албаны төлөөлөл оролцов.
Энэ үеэр “Шинэ Ховд Баруун бүсийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны Нийгэмлэгийн /GIZ/ “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” төсөлтэй “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд “Шинэ Ховд Баруун бүсийн хөгжлийн корпораци”-ийн дэргэд “Бизнес хөгжлийн төв” байгуулах, бэхжүүлэх, ЖДҮ, хоршоо, гарааны бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, бэхжүүлэх, инноваци, шинэ технологи нэвтрүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах юм. Төслийг 2021-2023 он хүртэл хэрэгжүүлнэ.