Мөст сум нь тэртээ 1941 онд Манхан, Зэрэг, Мөнххайрхан, Цэцэг, Алтай гэсэн 5 сумын 10 багаас нийлж байгуулагдсан түүхтэй. Одоо халх, захчин, урианхай гэсэн 3 үндэстнээс бүрдсэн 3000 гаруй хүн амтай, засаг захиргааны 5 багтай. Өөрийн аймгийн 6 сумтай хиллэдэг, өндөр уулын бүсийн сумдын нэг юм.
Энэ онд тус сум үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа ба түүхэн энэ ойг тохиолдуулан тус сумын нийт ард иргэдийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч /Х.Баттулга/-ийн зарлигаар төрийн дээд шагнал
“АЛТАН ГАДАС ОДОН”-оор шагнасныг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар нар гардуулж баяр хүргэлээ.
Төрийн одон гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав оролцон баяр хүргэж, “ТАЛАРХАЛ” гардууллаа.
80 жилийн түүхэнд тус сумаас олон арван эрдэмтэн мэргэд, гавьяатууд, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд төрөн гарсан байдаг. Ажил үйлсээрээ ч улс, аймагтаа олон удаа шалгарч байжээ.
Тухайлбал, 1974 оны намар тус сумын малчид, иргэд уйгагүй хөдөлмөр зүтгэлийнхээ үр дүнд нь сарлагийн сүргээ түм хүргэж “ТҮМЭН САРЛАГИЙН БАЯР” хийсэн ба энэхүү амжилтыг нь төр засгаас өндрөөр үнэлж “МӨНГӨН ТУГАЛ”, 50 трактороор шагнаж байжээ.
Мөн 1978 онд тэмээн сүргээ өсгөн үржүүлсэн амжилтаа үнэлүүлж “МӨНГӨН БОТГО”-оор, 1979 онд “ТУЯА НЭГДЭЛ” нь сүү, тосны улсын төлөвлөгөөг давуулан биелүүлж “ЗИЛ-130” автомашинаар тус тус шагнуулж байсан нь түүхэнд бичигдэн үлджээ.
Тэгвэл сум байгуулагдсаны 80 жилийн ой тохиож буй энэ онд “АЛТАН ГАДАС ОДОН”-оор шагнасан нь Мөст сумын нийт ард иргэдийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлсэн түүхэн үйл явдал болж байна.