Эрэгтэй хүний «билгийн» насыг «Гал»-аас нар зөв, эмэгтэй хүнийг «Ус»-наас нар буруу тойруулан тоолж энэ жил ямар хөлөлд суусныг олно. Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөлөлийн “ цог хийморийн ” зүгт гарч, “ буян хишгийн ” зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт “ хар нохойн ам ” таарвал “ эмийн “ ба “ амин ” зүгт мөрөө гаргаад “ буян хишгийн ” зүгээс гэртээ ирнэ. “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн “ хар нохойн ам ” аль зүгт буйг үзүүлье. Үүнд: Жилийнх нь хойд, сарынх нь зүүн, өдрийнх нь баруун зүгт байна. Шороо, огторгуй, уул, хий суудалд суувал «Суудал өнцөгдсөний»; нэг гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр нэг суудалд давхацвал «Суудал салгуулах» засал хийлгэдэг болой.
«ТӨМӨР» суудалд суусан хүн–«Яс барьсан» тул сайн. Тэр жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах идэхийг цээрлэнэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Чоно барьсан малын зүүн хавирганы мах идэж болохгүй. Хутга мэсний аюулаас болгоомжлох шаардлагатай. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс ямагт сэрэмжилж анхаарч явах нь чухал. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжтой бай. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй, эмэгтэй: 1930, 1954, 1978, 2002.
Мөрөө гаргахдаа – “ Ум радна дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун урд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, төмөр эдлэлийн зүйлийг нугалж, хугалан хойд зүгт хаяж, шавар юмуу гурилаар «ямааны толгой» хийн баруун зүгт булаад, баруун (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Жадамба, Дашзэвэг, Дүгэр уншуул. «Мэсний хариулга» хийлгэх сайн.
«МОД» суудалд суусан хүн–«Хог барьсан» тул муу. Тэр жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарал болгоомж сайтай байх хэрэгтэй. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй, эмэгтэй: 1918, 1942, 1966, 1990, 2014.
Мөрөө гаргахдаа – “ Ум базар дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урд (эмийн) зүгт зүгээ гаргаад,–Модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд зүгт хаяж, гурилаар «туулайн толгой» хийн зүүн зүгт газарт булаад, зүүн (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Нит, Ариун сан уншуул, Усан балин өргө.
ЗУРХАЙЧ Д.ЦОГТБААТАР