Улиран өнгөрч буй "Урвуулагч" хэмээх шороон Гахай жил Ховдчуудын хувьд амжилт ололт, бүтээн байгуулалтаар дүүрэн, хөгжлийн олон чухал ажлууд гараанаас хөдөлсөн түүхэн жил болон өнгөрч байна. Хавартаа хур, бороо элбэгтэй, зундаа дэлгэр, намартаа налгар байж, хүн, малын зоо тэнийсэн сайхан жил боллоо. Малчид буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн Ховд аймаг 3,0 сая гаруй толгой малтай боллоо. Жилээс жилд хүн амын тоо өсөн нэмэгдэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 410,0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн төсөвт 12,0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүллээ.
2019 онд Улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, өрхийн болон жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой болгох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна. Ингээд "Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн "ОНЦЛОХ АЖИЛ"-ыг цувралаар хүргэж байна.
ХАЛААЛТЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ
Дулааны “Бадамлах-Дөл” ХХК 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд засварлаагүй 3,2 км дулаан дамжуулах төв магистрал шугамын шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
ВИДЕО:
Мөн Жаргалант сумын Жаргалан, Рашаант багт инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлыг хийж гйүцэтгэв..
Социализмын үед сумдад ашиглаж байсан төвлөрсөн халаалтын системийг дахин сэргээв. Хувийн болон орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр 2019 онд 13 сумыг төвлөрсөн халаалтын шугам сүлжээнд холболоо. Ингэснээр хөдөөгийн сумдад “Орон сууцжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэн төрийн албан хаагчдыг орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх боломж бүрдлээ.