Сумдын 2019 оны хийж хэрэгжүүлсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгөх, Монгол улсын Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд хяналт хийж, аргазүйн зөвлөгөө өгөх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2020.01.24/ Ховд суманд ажиллаж байна.
Ховд сум нь 853 өрх, 3686 хүн амтай. Төсвийн 5 байгууллага,162 төрийн албан хаагчтай. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 175738 толгой мал тоолуулсан нь өмнөх оны мөн үеэс 3000 гаруй толгой малаар буурсан бол ямаа 2126-аар өссөн дүнтэй гарчээ.
Өнгөрсөн 2019 онд Ховд суманд Улсын болон аймаг, орон нутгийн 2,0 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. Тухайлбал, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвөөс Ховд сум хүртэл тавихаар төлөвлөж буй 30 км хатуу хучилттай авто замын ТЭЗҮ бүрэн хийсэн, Улаан бураа багт 200,0 сая төгрөгөөр услалтын систем барьсан, сумын ЗДТГ-ын автомашиныг шинэчилсэн, сумын төвийн 17 цэгт камержуулалт тавьсан зэрэг томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Мөн Нутгийн удирдлагын ордон барих, төвлөрсөн халаалт, дулаанд холбох ажлыг эхлүүлж 2020 онд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Ховд сум 2019 онд татварын орлогын төлөвлөгөөгөө 77,3 сая төгрөгөөр давуулж төлөвлөгөөг 300,2 хувиар биелүүлжээ.