Улсын бүртгэлийн байгууллагын ажилтнуудад зориулсан “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” баруун бүсийн сургалт энэ сарын 5, 6-ны өдөр Ховд аймагт болж байна. Улсын бүртгэлийн багц хуулийн хэрэгжилтийг хангах замаар салбар байгууллагын ажилтнуудын хууль эрх зүй болон ёс зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд сургалтын зорилго чиглэж буй.
Энэ удаагийн сургалтад Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж болон Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн удирдлага, ажилтнуудын төлөөлөл 150 орчим хүн оролцож, бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй болгох, хөдөөгийн иргэдэд ойртуулах арга замын талаар харилцан санал солилцож байгаа юм.
Мөн төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын үйлчилгээний стандарт, хяналт шинжилгээ, үнэлгээний аргачлал, бүртгэлийн систем ба нэмэлт өөрчлөлт, анхаарах асуудал, иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн практик хэрэглээ, архивын эх нотлох баримтын нөхөн бүрдүүлэлт, лавлагаа мэдээллийн тухай холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Түүнчлэн хүний нөөцийн бодлого, төрийн албан хаагчийн хувийн хэргийн баяжилт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөлт, архивын цахим программаас лавлагаа олгох аргачлалын талаар хэлэлцэж, оролцогчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлж байна.