Баруун хилийн зэвсэгт тулгаралтын 70 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас батлан хамгаалах бодлого, зорилт, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, орон нутагт иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор
“Цэргийн ёслол”-ын үйл ажиллагааг энэ сарын 15-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа.
“Цэргийн ёслол”-ын үйл ажиллагаа нь Ховд аймгийн цэргийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ёслолын хувцастай жагсаж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдааны тугийг залж жагсаалд байрлуулснаар эхэлсэн юм.
Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон Цэргийн хүрээний анги, байгууллагуудын удирдлага, алба хаагчид, ахмад дайчид, иргэд хөдөлмөрчид оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч хурандаа М.Болдбаатар нар
“Баруун хилийн зэвсэгт тулгаралт”-ын 70 жилийн ойд зориулж мэндчилгээ дэвшүүллээ. Дараа нь нийт бие бүрэлдэхүүн гурвантаа “Ура” цуурайтуулж, Монгол Улсын
“Төрийн дуулал” эгшиглүүлэн нийтээр дуулав.
Мөн цэргийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ёслолын жагсаалаар алхаж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчид “Марш деппе” үзүүлэх тоглолт хийж, ангийн байнгын бие бүрэлдэхүүн
“Гардан тулаан”-ы үзүүлэх тоглолт зохион байгуулав. Үүнээс гадна Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн орон тооны буудлагын зэвсгийн үзэсгэлэн гаргаж, орон нутгийн иргэд үзэж сонирхлоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Н.Лхагва