Ховд аймгийн Дуут сумын харьяат “Босоо” хэмээх Аймгийн хурц арслан Нямын Самдангийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Аймгийн хурц арслан Нямын Самдан нь Ховд аймгийн баяр наадамд 7 удаа түрүүлж, 2 үзүүрлэсэн бөгөөд энэхүү амжилтаараа Монголын хоёр дахь “Босоо Самдан” хэмээн нэрлэгдсэн бөх юм. Ховдын “Босоо” хэмээх Аймгийн хурц арслан Нямын Самдангийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан энэ оны 09 дүгээр сарын 09-ны өдөр аймгийн Биеийн тамир спортын газрын спорт цогцолборт боллоо. Хүчит бөхийн барилдаанд 64 бөх барилдсанаас Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын харцага О.Хангай түрүүлж, Зэрэг сумын харьяат Улсын харцага Б.Бат-өлзий үзүүрлэсэн байна. Энэ үеэр Аймгийн Засаг дарга Д.Галсандондог хүндэтгэл үзүүлж, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр шагналыг гардуулан өгч баяр хүргэв.Мөн Аймгийн хурц арслан Нямын Самдангийн хүү Содмоо болон Содмоогийн хүү Ганхуяг нар аймгийн арслан цолтой. Тиймээс Дуут сумын ИТХ, ЗДТГ, Аймгийн хурц арслан Нямын Самдангийн үр хүүхдүүд, төрөл төрөгсөд хамтран “Гурван үеийн аймгийн арслан цолтны алдар тэмдэглэх” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр Дуут суманд зохион байгуулж байна. Огноо: 9/11/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1661 Мэдээ таалагдсан: