Ховд аймгийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд 25 сургуульд 18472 сурагч суралцаж байгаагаас бага боловсролыг 1615, суурь боловсролыг 1452, бүрэн дунд боловсролыг 1649, нийт 4716 суралцагч төгсөж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төгсөлтийн үйл ажиллагааг эцэг эх, асран хамгаалагч, багш нартаа суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах, боловсролын баримт бичиг гардуулах ёслол,
"Эрдмийн баяр" болгон тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Ховд аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан байна.
Засаг даргын албан даалгаварт: Суралцагчаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авах, багш төлбөртэй давтлага өгөх, ном, гарын авлага, материал худалдан авахыг шаардах, амралт зугаалга зохион байгуулах, согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. Мөн сурагчдын зөвлөл, эцэг эхийн зөвлөлийн үүсгэл санаачлага нэрээр мөнгө татаж, багшид бэлэг өгөх, эцэг эхэд санхүүгийн дарамт учруулахыг таслан зогсоох талаар үүрэг чиглэл өгч “Эрдмийн баяр”- ыг зохион байгуулахдаа төгсөгчдийг урамшуулах, тэргүүний сурагчдыг алдаршуулах, “төгсөгчдийн төгөл"-д сургууль бүр 12 дугаар ангийн төгсөгчдийн нэрэмжит мод тарих ажлыг зохион байгуулахыг ЕБС-ийн захирлуудад үүрэг болгосон байна.