Тогтвортой амьжиргаа-III төслийн орон нутгийн ажилтан Ж.Батсайхан болон төслийн чадавх бэхжүүлэх багийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, түүнд засаглал болон иргэд, олон нийтийн оролцоог сайжруулах, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа болон 2016, 2017 оны ОНХС-ийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг Ховд аймгийн бүх сумдад танилцуулах, гарсан зөрчил, анхаарах асуудлуудын талаар сумын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийх, мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор сумдад ажиллах төлөвлөгөө гаргасан байна. Уг төлөвлөгөөний дагуу энэ оны 4 дүгээр сарын 27-29 ний өдрүүдэд Ховд аймгийн Чандмань, Дарви, Цэцэг сумдад ажиллав.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх,
Тогтвортой амьжиргаа-III төслийн орон нутгийн ажилтан Ж.Батсайхан, аймгийн ИТХ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Б.Баяртуяа нар багтан ажилласан байна.
Ажлын хэсгийнхэн сум орон нутгийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, орон нутгийн төсвийн төслийг боловсруулах ба батлах, төсвийн зарцуулалт, тайлагнах, холбогдох хяналт-шинжилгээ үнэлгээг хууль, журмын дагуу хийх, түүнд иргэдийн оролцоог хангах талаар сумын ИТХ, ЗДТГ-ын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, бүх багийн Засаг дарга нарт зориулсан сургалт мэдээлэл хийв. Сургалтанд дээрх сумдын ИТХ-ын дарга, сумын ИТХ-ын төлөөлөгчид болон сумын ЗДТГ-ын удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүд, багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нар, иргэдийн төлөөлөл оролцжээ.
Сургалтын үеэр Орон нутгийн хөгжлийн сангийн 2016, 2017 оны жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулан, гарсан зөрчил, 2018 оны жилийн гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулахад анхаарах асуудлууд, бусад сумдын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх талаар зөвлөлдөв. Мөн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар суманд хийгдэх бүтээн байгуулалт, шинэ санаачлага, орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журмын заалтуудтай холбогдуулан оролцогчдоос судалгаа авсан байна.