2017 оны 10-р сарын 09 ний өдөр аймгийн Онцгой комиссын гишүүд аймгийн төвийн байр орон сууц болон аж ахуй нэгжүүдийн халаалт дулааны нөхцөл байдлын талаар дахин хуралдлаа. Учир нь Онцгой комиссын гишүүд аймгийн төвийн ААН болон байр орон сууцнуудыг 20 хэсэгт хуваан тус бүрдээ хариуцаж халаалт дулааны асуудлыг цаг алдалгүй хариуцаж шийдвэрлэж байхаар болсон юм. Энэ хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн ээлжит явцын мэдээллийг хийсэн юм.
Одоогоор хоёр дулааны станцын хувьд тус бүр нэг зуухаар галлаж байгаа бөгөөд зарим байр орон сууцнууд шугам сүлжээний гэмтэл, засварын улмаас халаалт доголдолтой байна. Тухайлбал, Тулгын ногоон 30 айлын орон сууц, УАА-н 24 айлын орон сууцууд магистрал шугам гэмтэлтэй учраас халаалт огт аваагүй байна. Үүнд “Шим ус” ОНӨААТҮГ засвар хийхээр байгаа. Мөн Алтайн буйлаастын байр халаалт доголдолтой байна, Цэргийн ангийн цэргийн байрны 3 давхар, тус ангийн ажилчдын 12 айлын орон сууцны 3 давхар мөн халаалт муу байгаа зэрэг асуудалтай байгааг хариуцсан ажлын хэсгийнхэн мэдээллээ. Түүнчлэн Буянтын боргиогийн байрны халаалт сулавтар, Гүн чандманы 1, 2-р байр халаалтгүй байсан бөгөөд өчигдрөөс гэмтлийг засварлаж халаалтыг өгч эхэлсэн байна. Мөн 2-р 60 айлын орон сууцны 1 орцноос бусад нь шугамын засвартай байгаа учраас халаалт өгөгдөөгүй байна.
Мөн ЭСБА-ийн байрууд халаалт доголдолтой байна. Учир нь шинээр ашиглалтанд орсон 9 давхар байранд халаалтын горим буруу хийгдсэнээс болж насос ажиллуулж халаалтынхаа асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнээс шалтгаалан хажуугийн хоёр байрных нь халаалт доголдож байгаад иргэд оршин суугчдын зүгээс гомдол ихээр ирж байгааг аймгийн удирдлагуудын зүгээс холбогдох газруудад асуудлыг нэн даруй шийдвэрлэж хүйтрэхээс өмнө тухайн барьсан компанитай хамтран халаалтын асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болголоо. Харин бусад байр орон сууцнуудын хувьд халаалт харьцангуй хэвийн байгааг аймгийн Онцгой комиссын гишүүд мэдээллээ.