Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам 7-р сарын 10-11 ний өдрүүдэд ёслол төгөлдөр, өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Баяр наадмын хүндэт индэрт аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Ш.Батсүх, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд нарын аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн ИХ-ын төлөөлөгчид, хүндэт зочид төлөөлөгчид уригдан, баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхлоо. Энэ жилийн наадмаар шинэ начин, заан, арслан төрөн гарч өргөн олноороо сайхан наадсаныг онцлох хэрэгтэй юм. 2 өдөр үргэлжилсэн баяр наадмын үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Д.Галсандондог албан ёсоор өндөрлүүлж, наадамчин олонд хандан үг хэлэв. Тэрээр:
Эрхэм хүндэт наадамчид аа !
Олон угсаатны өлгий Ховдчууд аа !
Хүндэт зочид төлөөлөгчид өө !
Мөнх тэнгэр нар, хураа тэгш хайрлаж, эх газар шимээ дэлгэсэн дэлгэр зуны сайхан өдрүүдэд Ховдчууд бид сайхан наадаж, Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр сайхан тэмдэглэлээ.
Хүчит бөхчүүд нь бяр хүч, уран мэхийг уралдуулан барилдаж, тод магнай ажнай хүлгүүдийн уяа сойлго нь таарч, уясан эзэд, унасан хүүхдүүд нь магнай тэнэгэр, эрхий мэргэн харваачид нь онч мэргэн, олон угсаатан Ховдчууд, уригдан ирсэн зочид төлөөлөгчид, хурсан олон наадамчин олон минь золбоо төгс, өргөн дэлгэр баясан цэнгэлээ.
Төрт ёсны баялаг уламжлалтай Монгол улсынхаа баруун хязгаарт Их Алтайнхаа сүрлэг уулсад сүслэн амьдран суугаа Ховдчууд, нийт наадамчин олондоо улс орныхоо хөгжил дэвшил, хотол олныхоо сайн сайхан амьдрал, Хүний хөгжил, Бүсийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, төрж өссөн нутаг орондоо амар амгалан амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, баяр наадмын үйл ажиллагаа өндөрлөснийг сонордуулья.
Төрийн нуруу төвшин
Түмэн олны минь заяа буян тэгш дүүрэн байх болтугай.