Булган голын усны түвшин ердийн үед 300-310 см байхаас 78 см-ээр нэмэгдэж үерийн аюултай түвшинд хүрсэн учраас Булган сумын Онцгой комисс шуурхай хуралдаж "Өндөржүүлсэн бэлэн байдал"-д шилжин, эрсдэлтэй бүс нутгаас ард иргэд, мал сүргийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар Алагтолгой багийн Яам, Баруун хаац, Байтаг багийн Шуудай мод, Хөх үзүүр гэх газруудад усанд боогдсон иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр Онцгой байдлын албаны 17, Булган сумын ЗДТГ-ын 7, Булган сумын Нэгдсэн эмнэлгээс 6 албан хаагчид 2 завь, 5 автомашинтайгаар ажиллаж, үерийн аюултай бүс нутгаас хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, хүүхэд, жирэмсэн эх гээд нийт 52 иргэн, 4000 гаруй толгой малыг авран хамгаалах ажлыг хийж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.
Үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс Аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 24 ний өдөр Булган суманд ажиллалаа. Тэрээр эрсдэлтэй бүс нутгаас хүн, мал сүргийг авран хамгаалах ажлыг зохион байгуулах явцад үүссэн 6,0 сая төгрөгийн шатахууны өрийг шийдвэрлэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зориулан 3,0 сая төгрөгийг олгохоор болжээ. Мөн одоо ашиглаж байгаа 2 завь нь хуучирч муудан, шаардлага хангахгүй болсон учраас холбогдох байгууллагад нь уламжилж, шинэчлэхээр болсон байна.