Өнөөдөр /2023.12.04/ хуралдсан аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталсан асуудлын нэг нь ирэх оны төсөв.
Хуралдаанаар 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, 2024 оны төсвийн төслийн тухай Засаг дарга Э.Болормаагийн илтгэл, 2024 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар Төрийн Аудитын газраас өгөх саналын тухай Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Х.Болдбаатарын илтгэлийг тус тус сонсон хэлэлцэв.
Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан төлөөлөгчид сонирхсон асуултаа асууж тодруулан холбогдох албаны төлөөллөөс хариултаа авлаа.
Мөн аймгийн ИТХ дахь зарим намын бүлгүүдийн дүгнэлтийг сонсож төлөөлөгчдөөс гаргасан зөрүүтэй асуудал дээр санал хураалт явуулж тогтоолын төсөлд тусган 2024 оны төсвөө баталлаа.
Ирэх оны төсөв нь “Хүүхдэд ээлтэй-Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийх ажилд голлож байна.
Тухайлбал,
-Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад зориулж бүх сумдыг камержуулах,
-Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл өсөж торниход нь зориулж “ШИМ ТЭЖЭЭЛ” хөтөлбөр хэрэгжүүлэх,
-Хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломж бүхий "Ховд BOX" хүүхдийн номын сан байгуулах зэрэгт анхаарахаар тусгажээ.
Үүнээс гадна:
-Залуу малчдыг дэмжих,
-Нийтийн орон сууцны айл өрхүүдийг бүрэн автомат ухаалаг тоолуураар хангах зэрэг шаардлагатай дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг өргөн цар хүрээтэй олон ажилд зарцуулахаар ангилал тус бүрээр тооцоолсон байна.