Ховд аймаг нь нийслэл Улаанбаатараас 1500 км зайд оршдог олон ястны нутаг. Ховд аймаг нь 17 сум, 91 багт 86449 хүн амтай. Нийт хүн амын 34,0 хувийг 0-15 насны хүүхэд, 60,8 хувийг 16-59 насны хүн ам буюу хөдөлмөрийн насны хүн ам, 5,2 хувийг 60 ба түүнээс дээш насны өндөр настан эзэлж байна.
Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв, 16 суманд сум дундын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, орчин үеийн 50 ортой төрөх эмнэлэг, багуудын өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн төрөлжсөн эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 120.0 мянга гаруй хүнд эмчийн үзлэг хийж, 21,5 мянган хүн хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс 0-18 насны хүүхэд 2018 онд 1959, 2019 онд 2150 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн эцэг эхийн байнгын асаргаанд хэвтэн эмчлүүлэх боломжгүй байнгын хүчилтөрөгчийн дутагдалтай, тархины саа, зүрхний гажигтай хүүхэд бүхий ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 620 хүүхэд, үүнээс эмнэлгийн хяналтанд байнгын эмчилгээтэй 470 хүүхэд байна. Эдгээр хүүхэд нь эцэг эхийн байнгын асрамжинд байдаг бөгөөд нийгмээс тусгаардлагдан амьдарч байна. Энэхүү төслөөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж “ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ” -г байгуулахыг зорьжээ.
Канад Сангийн Орон нутгийн Санаачилга (КСОНС) Хөтөлбөрөөр 2018 онд “ХОВД АЙМГИЙН БОЭТ-ИЙН ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ” төслийн хүрээнд Хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний өрөөнд 38 сая төгрөгийн санхүүжилтээр амьсгалын аппарат, нярай халуун ширээ, өвчтний хяналтын монитор, биллиметр, суурин пульсохиметр зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлж, хүүхдийн эрчимт эмчилгээний нэгжийг бий болгожээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн чанар сайжирч, Улаанбаатар хот руу эмчилгээнд явах хүүхдийн тоо цөөрч, нас баралт буурчээ. Хүүхдийн тасагт шинээр байгуулсан эрчимт эмчилгээний өрөөтэй, мөн тус тасгаас тусгаарлаж нярайн тасгийг нээн ажиллуулж байна.