Ховд аймагт 2021 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхээс тодрууллаа.
Өнгөрсөн 2020 онд улсын төсвийн 34.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 75 ажил хийсэн. Мөн орон нутгийн төсвийн 8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 185 ажлыг үе шаттай хэрэгжүүллээ. Тэгвэл энэ онд нийт 55 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн байна.
Тодруулбал, улсын төсвийн 40 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 44 төсөл, арга хэмжээ зохион байгуулна. Үүнээс 2021 онд шинээр эхлэх 13 ажил бий. Үүнд хамгийн их хөрөнгө оруулалтыг Эрчим хүч болон Барилга хот байгуулалтын сайдын багцаас гаргахаар тусгасан байгаа.
Учир нь Ховд аймагт 2021 онд шинээр Шахмал түлшний үйлдвэр байгуулна. Мөн “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийн хүрээнд гэр хорооллын бүсэд цэвэр, бохир усны шугам сүлжээ тавих, “Бадамлах дөл” дулааны станцын өргөтгөл хийх зэрэг нэлээд ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Эдгээр ажлын дийлэнх хувь нь аймгийн төв буюу Жаргалант сумын нутаг дэвсгэрт өрнөнө.
Мөн орон нутгийн төсвийн 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 170 гаруй ажил хийх юм. Үүнээс шинэ хөрөнгө оруулалт буюу 52 арга хэмжээ, 49 төсөл хөтөлбөр, 21 их засвар, 5 тоног төхөөрөмж нийлүүлэх ажил байгаа аж. Мөн шилжих хөрөнгө оруулалт бүхий 10 ажил буй.
Эдгээр ажлын тендер, худалдаан авах ажиллагааг тус оны эхэнд зохион байгуулна. Улмаар долоодугаар сар эхлэхээс өмнө гүйцэтгэх компани, аж ахуйн нэгжтэй ажил, үйлчилгээний гэрээ байгуулах юм.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарч, ажил гүйцэтгэх хугацаа хуваарийг баталсан байна. Мөн аж ахуйн нэгжийг үүрэгжүүлж, ажлын даалгавар, зураг төсөв боловсруулахад мэргэжлийн болон ашиглагч байгууллагуудтай хамтран оролцох боломж бүрдүүлжээ.
Үүнээс гадна хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хянах, зөвлөн туслах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөл, ажлын баг байгуулсан. Ингэснээр хүний хөгжлийг дэмжсэн “Стандарттай-Шинэ Ховд”-ыг цогцлоох зорилтын дагуу бүтээн байгуулалтын ажлын чанар, стандарт сайжирч, бүх талын оролцоо нэмэгдэнэ гэж албаныхан үзэж байв.