Ховд аймаг дахь Цагдаагийн газар нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шүүх, Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний алба, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай соёны бүсийн салбартай хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий "Хууль тогтоомж сурталчлах" арга хэмжээг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио, Намарзан багийн 120 орчим иргэд, малчдыг оролцуулан зохион байгуулав.
Улмаар хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шинэчлэгдэн батлагдан мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өгч, санал солилцож, асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллалаа. Арга хэмжээний үеэр аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа “Би хороохгүй 2” аян болон улсын хэмжээнд явагдаж байгаа “Яараад яахав дээ”, “Ирлээ явлаа цэвэр” зэрэг аяныг сурталчилж, мэдээлэл өгч, 5 төрлийн 750 ширхэг санамж, сэрэмжлүүлэг тараан өгсөн бөгөөд алслагдсан сум, багийн малчид хөдөлмөрчдөд зуслангийн газар нутагт газар дээр нь шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаад малчид, сумын иргэд талархал илэрхийлж байлаа. Энэхүү арга хэмжээ Ховд аймгийн Ховд, Дуут сумдад үргэлжлэн зохион байгуулагдах юм.