Мөст сумын төвийг Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замтай холбох 20,3 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил 2019 оны 3-р сард анх эхэлсэн. Улсын төсвийн болон Азийн хөгжлийн банкны
“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хамтарсан санхүүжилтээр буюу нийт 9,1 тэрбум төгрөгөөр хийгдсэн тус бүтээн байгуулалтын ажлыг
“Хотгор зам” ХХК хариуцан гүйцэтгэж, энэ сарын 19-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.
Уг бүтээн байгуулалтыг батлагдсан зураг төсөв, холбогдох чанар стандартын шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэхийг Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг хянаж, шалгаж байнгын ашиглалтад хүлээн авсан юм.
Тус сумын иргэдийн хувьд 20,3 км авто зам тавигдахаас өмнө аймгийн төв рүү 5-6 цагийн турш явж очдог байсан бол одоо 2-3 цаг зорчиж хүрэх боломжтой болж байгаа юм.
Энэ онд Мөст сумын зэргэлдээх Цэцэг суманд ч мөн Улсын төсвийн 3,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4,9 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил өрнөсөн. Цэцэг сумын төвөөс Хөшөөт-Ярант чиглэлийн зам хүртэлх 4,9 км хатуу хучилттай авто замтай болох нь Цэцэг сумын иргэдийн сүүлийн 10 гаруй жилийн хүлээлт байсан талаар шинэ бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагааны үеэр сумын иргэд онцлон хэлж байлаа.
Ийнхүү Ховд аймаг Улсын хэмжээнд хамгийн олон буюу 10 гаруй сумаа аймгийн төв болон Улаанбаатар хот, Улсын хилтэйгээ хатуу хучилттай авто замаар холбосон анхны аймаг болж, нийт 1244 км үргэлжлэх авто замын бүтээн байгуулалтаараа улсдаа тэргүүлж байгаа юм.
Мөн үүнээс гадна энэ онд Жаргалант сумын Наран багт 1,7 км хатуу хучилттай зам тавьж, Уулын бүсийн Дуут суманд 60 км, Мөнххайрхан суманд 65 км ердийн хөрсөн замын засвар үйлчилгээг хийж байна.
ВИДЕО: