Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, энэ төрлийн эмийн буруу түгээлт, зарцуулалтыг таслан зогсоох, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 02 дугаар 20-ноос 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Тус шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/73 тоот удирдамжийн дагуу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг үндэслэн зохион байгуулсан аж.
Улмаар Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа 7 эмийн сан, 3 эм ханган нийлүүлэх байгууллагад хяналт шалгалт хийсэн.
Шалгалтад хамрагдсан байгууллагуудаас мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийг жоргүйгээр олгосон зөрчил илрээгүй нь давуу талтай байна. Мөн хяналт шалгалтын явцад 3 байгууллагад бусад төрлийн зөрчил илэрсэн бөгөөд 6 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргэж, зөвлөмж чиглэл өгсөн. Зарим шийдвэрлэх боломжгүй асуудлыг дээд шатны байгууллагад мэдээлж, шийдвэрлүүлэх тухай зөвлөгөө өгч ажилласан гэж Ховд аймгийн МХГ-аас мэдээллээ.