Өнөөдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны анхдугаар хуралдаан боллоо. Он гарснаас хойш ИТХ-ын үйл ажиллагаа гацаанд ороод байсан. Харин 12 сарын 22-ны ИТХ-ын тогтоолоор сонгогдсон ИТХ-ын дарга Б.Амгаланбадрах болон шинэчлэн сонгогдсон тэргүүлэгчид анхдугаар хуралдаан зарлан зохион явууллаа. Хурлын ирц 80 гаруй хувьтай буюу нийт 11 тэргүүлэгч оролцох ёстойгоос 9 тэргүүлэгч оролцов. Тус хурлаар
“Хүүхэд бүр цэцэрлэгт” дэд хөтөлбөр батлах тухай, “Аймгийн 2018 оны нэгдсэн арга хэмжээ” батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
“Хүүхэд бүр цэцэрлэгт дэд хөтөлбөр” нь 2020 он хүртэл хэрэгжих бөгөөд 2018 оноос хэрэгжиж эхлэх юм. Энэхүү хөтөлбөр нь боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших боломжийг бүрдүүлж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд СӨБ-д хамрагдах 8819 хүүхдээс төрийн өмчийн 31 цэцэрлэгт 6564 хүүхэд, хэвийн хэвшлийн 14 цэцэрлэгт 666 хүүхэд, хувилбарт сургалтаар 1131 хүүхэд нийт дүнгээр 7230 хүүхэд буюу нийт хүүхдүүдийн 82 % нь хамрагдаж байна. Тиймээс цаашид хүүхдүүдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан энэхүү хөтөлбөрийг хөдөөгийн сумдын буюу алслагдсан нутгийн хүүхдүүдийг хувилбарт байдлаар гэр цэцэрлэгт хамруулахад түлхүү зоруилан хэрэгжүүлэх хөтөлбөр юм.
“Аймгийн 2018 оны нэгдсэн арга хэмжээ”-г жагсаалтаар баталлаа. Ховд аймагт энэ жил нэгдсэн байдлаар зохион явуулах олон нийтийг хамарсан 102 арга хэмжээ батлагдав. Тухайлбал, “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр, “Цайны зам” аялал жуулчлалын арга хэмжээ, Сумдын соёлын өдрүүд, “Говийн чоно” олон улсын арга хэмжээ зэрэг томоохон үйл явдал арга хэмжээнүүдийг хийхээр төлөвлөн баталлаа.
Мөн аймгийн хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал, хүндэрч буй сумуудын талаар болон түүнд авч буй арга хэмжээний тухай мэдээлэл сонсож, тэргүүлэгчдийн зүгээс үүрэг чиглэл өглөө. Ховд аймгийн хэмжээнд өнөөгийн байдлаар 26400 гаруй мал хоргодоод байгаа бөгөөд нийт 13 сум зудын нөхцөл байдалтай байгаа юм. Засгийн газраас олгож буй хорголжин тэжээл, өвсийг нэн шаардлагатай, хүндэрч буй сумдад түрүүлж олгохыг тэргүүлэгчид онцолж байв. Мөн малчдын хувьд гар дээрээ бэлэн мөнгөний эргэлтгүй байгаа энэ үед аль болох зээлээр буюу ноос ноолуурын урамшууллаас нь олгох хэлбэрээр хүртээхийг сануулж байлаа.
Ж.САРУУЛ.