Ховд аймгийн Дарви сумынхан Мөнх цаст Сутай хайрхнаа түшиглэн нутагладаг. Алдар цуутны өлгий болсон энэ нутгаас жил бүр “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” төрж байна. Энэ жилийн аварга малчин тус сумын Булаг багаас шалгарч аваргын буухиаг үргэлжлүүллээ.
Малчин Цогтгэрэлийн Тарвагийн гэр бүлийн шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт гэрт нь очиж гардуулан баяр хүргэв.

Аав ээж, нутгийн буурлуудын мал маллах арга туршлагаас суралцаж 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэндээ тэд баяртай байна.

Дарви сум хонин сүргийн тоогоороо аймагтаа тэргүүлдэг. Улсын аварга малчин Ц.Тарвагийн хувьд малаа таван төрөлд нь өсгөн үржүүлдэг. Тэр дундаа сутай үүлдрийн хонийг голлон өсгөдөг байна. Энэ хавар 800-аад төл хүлээн авна гэж аварга малчид хуучиллаа.

