
XVII жарны
"Элдэв Эрдэнэт" хэмээх модон Могой жилийн сар шинийн босгон дээр 70 гаруй малчин өрх
“Аймгийн аварга”-аар шалгарсан. Тэдний нэг нь Улсын тэргүүний Зэрэг сумын Гүвээ багийн малчин К.Өсөхжаргал, А.Алтаннавч нар юм.
Аварга малчин өрхийн шагналыг өчигдөр /2025.02.26/ аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа гардуулж баяр хүргэлээ.
Энэ үеэр сум, багийн удирдлагууд мөн баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв.
Өсөхжаргалын аав Калий агсан нь 2000 онд “Аймгийн хошой аварга малчин” болж байжээ. Түүнээс хойш 25 жилийн дараа аавынхаа тэрхүү амжилтыг эхлүүлж байгаадаа тэрбээр баяртай байна.

Өсөхжаргалын хувьд аавынхаа малч ухааныг өвлөж дөрөвдүгээр ангиа төгсөөд малчин болжээ.
2009 онд А.Алтаннавчтай гэр бүл болж хамтдаа хөдөлмөрлөсөөр өдгөө 1200 орчим толгойд хүргэсэн байна. Бог голдуу малтай. Говь-Алтай аймаг болон өөрийн аймгийн зэргэлдээх сумдын нутагт малаа оторлохыг чухалчилдаг гэлээ.

Саяхан "
Улсын аварга малчин" цол хүртсэн Гүвээ багийн малчин Н.Алтанхуяг,
“Алтан төлийн эзэн”-ээр шалгарсан А.Нацагдорж нар түүний авга ах нар нь.
К.Өсөхжаргал ах, дүү 5-уулаа. Үүний гурав нь малчин болж өвөг дээдсээс өвлүүлсэн уламжлалаа тээж явна.

