Ховд аймгийн хэмжээнд 38 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж үйл ажиллагаа явуулдаг. Үүнд 80 гаруй эмч, мэргэжилтэн ажиллаж, нийт мал сүргийн 50-60 хувьд мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлэн, элдэв төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн хийж байна.
Мал эмнэлгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл солилцох, ажлын үр дүнгээ нэгтгэн хэлэлцэх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг ярилцаж, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулах зорилгоор “Ховд аймгийн малын эмч нарын нэгдсэн сургалт, зөвлөгөөн”-ийг энэ сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Аймгийн Мал эмнэлгийн газраас холбогдох бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй тус сургалт зөвлөгөөнд 100 гаруй хүн оролцож байна.
Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга Э.Болормаа, МҮХАҮТ-ын Баруун бүс хариуцсан зөвлөх Н.Цэрэнбат нар үг хэллээ.
Засаг дарга Э.Болормаа: Мал эмнэлгийн салбарын боловсон хүчнийг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарал хандуулж ажиллаж байгаа талаар болон 2025 оноос “Залуу малын эмч” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг хэлсэн үгэндээ онцлов.
Манай аймагт 3.1 сая малын эрүүл мэндийг хамгаалахад 136 малын эмч ажиллах ёстой гэсэн судалгаа бий. Гэвч одоогийн байдлаар 87 малын эмч ажиллаж байна. Иймээс энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх тал дээр анхаарал хандуулж одоогоор ОХУ-д 6 хүүхдийг малын эмчийн ангид сургаж байгаа бол улсын Мал Эмнэлгийн Сургуульд сурч байгаа 11 хүүхдийн төлбөрийг шийдвэрлэжээ.
Зөвлөгөөнд оролцогчид энэ үеэр салбарын баримталж буй бодлого,цаашид анхаарах асуудал, мал амьтны гоц халдварт өвчний оношилгоо, тэдгээрийг тандах арга зүй, мал эмнэлгийн боловсон хүчний хангамж хүрэлцээ, нөлөөлж буй хүчин зүйлс зэрэг 10 гаруй сэдвийн хүрээнд мэдээлэл сонсон, санал солилцож байгаа юм.