Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд цахимжилтыг эрчимжүүлэх зорилгоор эхлүүлсэн
“Цахим хөгжлийн өдөрлөг” өчигдөр /2024.04.05/ Ховд аймагт боллоо.
Цахим аймаг бодлогын зөвлөмжийг аймаг орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий уг ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм.
“Цахимд хэвшье” уриатай энэхүү өдөрлөгийн үеэр төрийн болон хувийн хэвшлийн удирдлага албан хаагчид, иргэд олон нийтэд:
-Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаар:
ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар,
-Аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдлын талаар аймгийн Засаг дарга Э.Болормаа,
-Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийн талаар Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Тамир,
-Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн танилцуулгыг И-Монгол академи УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын программ аналист Г.Будням нар мэдээлэл хүргэлээ.
Ховд аймаг харилцаа холбооны статистик үзүүлэлтээрээ шилэн кабельд 17 сум бүрэн, үүрэн холбооны сүлжээнд 91 багаас 86 нь холбогджээ.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй “
Цахим үндэстэн” болох уриалга хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь ажиллан үнэлж дүгнэхийн зэрэгцээ салбарын яам, холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэх юм. Ингэснээр цахимд хэвшихэд тулгарч буй асуудлыг засаж залруулах, улмаар иргэдийн хэрэглээнд хэвшүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгохыг зорьж байгааг албаныхан онцолж байв.
Түүнчлэн ЦХХХЯ болон салбар байгууллагуудын төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга сургалтаас гадна иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Мөн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зориулсан
“Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 20 гаруй байгууллага төр хувийн хэвшил, ТББ-ын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн худалдаанаас гадна мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав.