Аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаагийн санаачилгаар Засаг даргын Тамгын газраас УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын Ажлын алба, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран “ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН”-ийг өнөөдөр /2023.12.25/ зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл 250 гаруй жолооч оролцсон юм.
Тус зөвлөгөөний нээлтийн үеэр аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа: Ховд аймгийнхаа ард иргэдийг аюулгүй тээвэрлэх ажилд манлайлж байгаа такси үйлчилгээний жолооч нарт зөвлөгөөндөө сэтгэл гарган, зорьж ирсэнд талархал илэрхийлж амжилт хүслээ. Мөн аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш хийж хэрэгжүүлсэн ажил, анхаарч буй асуудлын талаар товч мэдээлэл хийв.Түүнчлэн 2024 онд таксины зогсоол тохижуулж өргөтгөх, нэгдсэн шар номер, цахим үнэмлэхтэй болгох гэх мэт асуудалд анхаарч ажиллана гэдгийг онцлов.
Иргэдийн хэрэгцээнд нийцсэн такси үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, тогтвортой үйл ажиллагаа эрхлэх боломжуудыг эрэлхийлэн, такси үйлчилгээ эрхлэхэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал шийдэл гаргах зорилготой энэхүү зөвлөгөөнд холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд мэдээлэл хийж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Оролцогчид: Авто замын засвар үйлчилгээг сайжруулах, тодорхой цэгүүдэд такси үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий нэгдсэн зогсоол бий болгоход анхаарах зэрэг олон чухал санал хэлж, шийдвэрлэж өгөхийг хүсэв. Зөвлөгөөний үр дүнд оролцогчдын саналыг нэгтгэн, зөвлөмж гаргаж шийдвэр гаргах түвшинд уламжилж ажиллах юм.