“Бөхөнгийн эвэр цуглуулах болон худалдаалах асуудлыг нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх замаар хууль, бодлогын хэрэгжилтийг сайжруулах нь” төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ дагуу төслийн нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 09-ний өдөр Ховд аймагт зохион байгууллаа.
Төслийн нээлтэд:
Монгол Улсад Гэмт, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн төлөөллөөс гадна
Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,
Байгаль орчин аялал жуулчлалын газар,
Зоонозын өвчин судлалын төв,
Тусгай хамгаалалттай газар,
Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд болон Экологийн цагдаа нарын төлөөлөл оролцож, мэдээлэл солилцлоо.
Сүүлийн жилүүдэд Монгол бөхөнгийн тоо толгой өсч, 13 мянгад хүрсэн тухай судалгаа гарчээ. Одоогоор Монгол бөхөнгийн тархацын 60 орчим хувь нь Говь-Алтай аймагт байдаг бол 40-өөд хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт байна.
Мөн Увс, Завхан аймгийн нутгаар бөхөн нутагшиж байгаа юм.
Бөхөнгийн амьдрах орчныг сайжруулах, өвчлөлийг таслан зогсоох, тухайн зүйл амьтны нүүдлийн замыг чөлөөтэй байлгах, хамгаалах талаар талууд анхаарч ажиллаж ирсэн.
Үүний зэрэгцээ бөхөнгийн эврийг цуглуулах, худалдаалах явдлыг таслан зогсоохын тулд зарим бодлогын баримт бичиг болон дагаж мөрдөх шаардлагатай стандартуудыг сайжруулах нь чухал гэж үзэж байна.
Зэрлэг амьтдын эд эрхтний хууль бус худалдаа нь биологийн олон янз байдлыг хамгаалах, нөөцийг нь нэмэгдүүлэх, нөхөн сэргээхэд учруулж буй нөлөөгөөрөө дээгүүрт ордог.
Иймээс дээрх төслийн хүрээнд бөхөнгийн эвэр болон түүний худалдаалагдах цар хүрээг улсын хэмжээнд тодорхойлох, Нотлох баримтад тулгуурласан урьдчилан сэргийлэх таслан зогсоох арга хэмжээг төлөвлөсөн, хууль бус үйл ажиллагаа үйлдэгчдийг гэмт хэргээ үргэлжлүүлэх сэдлийг бууруулах, бодлогын баримт бичгийг нэвтрүүлэх, Хураагдсан бөхөнгийн эвэр, эд эрхтнийг хадгалах, устгах, нотлох баримттай харьцах менежментийг сайжруулах гэсэн гурван томоохон зорилт дэвшүүлжээ.