Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр 4 дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус салбараас төрөн гарсан эрдэмтэд, гавьяатууд, эмч нарын төлөөллөөс бүрдсэн зөвлөх багтай хамтран хөтөлбөрүүдийг боловсруулан, үе шаттай уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Өнөөдөр /2021.03.04/ аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, хамтрагч байгууллагуудын төлөөллийг оролцуулсан өргөтгөсөн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Энэ үеэр оролцогчдод шинээр боловсруулан хэрэгжүүлэх “Эрүүл иргэн”, “Чадварлаг эмч, мэргэжилтэн”, “Эрүүл эр хүн” хөтөлбөрийг танилцууж хөтөлбөрт тусгах асуудлаар санал солилцлоо.
Харин үргэлжлүүлэн хэрэгжүүлэх “Эх хүүхдийн ээлтэй тусламж үйлчилгээ” хөтөлбөрт тусгах саналыг цахимаар хүлээн авахаар төлөвлөж байна.
Өргөтгөсөн уулзалт, хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав оролцож эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ:
"Өнгөрсөн хугацаанд аймаг, орон нутгаас дэмжиж эмч, мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлээр сургах, эрүүл мэндийн байгууллагыг орчин үеийн шаардлага хангасан техник, тоног төхөөрөмжөөр хангах, барилга байгууламжийг нь шинэчилэн сайжруулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж ирсэн. Одоо хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллахаар тангараг өргөсөн эмч, эмнэлгийн ажилтнууд ажлын сахилга, хариуцлагаа өндөржүүлж ажиллах хэрэгтэй. Ард иргэдийг эрүүл байлгана гэдэг зөвхөн эрүүл мэндийн салбарынханд хамаатай асуудал биш. Хувь хүн, хамтрагч байгууллагуудын хамтын оролцоо, дэмжлэг чухал байх ёстой. Тиймээс эрүүл мэндийн салбарт хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах, амны хөндийн өвчлөлийг бууруулах, эрчүүдийн эрүүл мэндэд анхаарч дундаж наслалтыг нэмэгдүүлэх гээд олон зорилт тавьж байна" гэлээ.