Аймгийн Засаг даргын захирамжаар Жаргалант сум, Цэцэг сумдаас гарах, орох хөдөлгөөнийг нээлээ



2020 оны 07-р сарын 05-ны өглөөний 09 цагийн нөхцөл байдлын мэдээгээр:
Ховд аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасаг, Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд Тарваган тахлын халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн биеийн байдал хүндэвтэр гэхдээ тогтворжих хандлагатай, эмчилгээ хэвийн хийгдэж байна. 1-р хавьтлын иргэдийн хяналтын болон урьдчилан сэргийлэх эмчилгээний 6 хоног өнөөдрөөр дуусаж байна. Энэ хугацаанд уг өвчний халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, нэмж хүн өвчлөөгүй учраас мэргэжлийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг үндэслэн өнөөдөр 13 цагт хуралдсан аймгийн Онцгой комиссын хурлаас шийдвэр гаргаж, хэсэгчлэн хөл хорио тогтоох тухай Засаг даргын захирамж гарлаа.



Ингэхдээ Жаргалант сум, Цэцэг сумдаас гарах, орох хөдөлгөөнийг нээж харин аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасаг, Цэцэг сумын Эрүүл мэндийн төвүүдэд хорио цээрийн дэглэмийг тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлэн ажиллахаар болсон байна. 


ВИДЕО:




Аймгийн Онцгой комиссын хурлын үеэр Засаг дарга Б.Дүгэржав тарваган тахлын халдварын онцгой нөхцөл, цаг үед орон нутагт ажилласан ЗӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Д.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлж, Эрүүл мэндийн яамны халдварт өвчин тандалт судалгааны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Анагаах ухааны доктор, Зооноз өвчин судлалын Үндэсний төвийн зөвлөх эмч Адьяасүрэнг "АЙМГИЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ээр шагнаж урамшууллаа.


Мөн чиг үүргийнхээ дагуу албан үүргээ гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллагын нийт ажилтан алба хаагчид, Онцгой комисс, Шуурай штабын хамт олон, голомтод ажиллан өвчтөнүүдийг эмчилж, асарч буй эмч, сувилагч, эмнэлэгийн ажилчдад талархал илэрхийллээ. Цаашид ард иргэд харьяа эрүүл мэндийн төв болон аймгийн ЗӨСТ-д хандан тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдаж, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, зөвлөмжийг сайтар дагаж, өөрийгөө болон өрөөл бусдыг ямар нэгэн эрсдэлд оруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ