ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-ийн мэргэжлийн баг Ховд аймагт ажиллаж байна



Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор БОЭТ-ийн Халдвартын тасаг, Цэцэг сумын ЭМТөвд тусгаарлагдан эмчлүүлж буй 2 иргэний лабораторийн шинжилгээний хариу гарч, тарваган тахлаар өвчилсөн болох нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан ЗӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Д.Отгонбаяраар ахлуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг Ховд аймагт 6-р сарын 30-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

Тус ажлын хэсгийнхэн Тарваган тахал өвчний үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах, мэргэжлийн байгууллагуудын өвчний голомтыг цомхотгон дарах үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, зөөврийн PCR аппаратаар шаардлагатай шинжилгээг газар дээр нь хийж ажиллах юм.



Ажлын хэсгийнхэн өнөөдөр аймгийн Онцгой комиссын гишүүдийн хамтаар ЗӨСҮТ-ийн удирдлага, тасаг нэгжүүдийн дарга нар, халдвар судлагч эмч нартай цахим хурал хийж, яаралтай авч хэрэгжүүлэх шаарлагатай зарим арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар санал, мэдээлэл солилцлоо.



Тарваган тахлаар өвчилсөн 2 иргэний 1-р хавьтлын хүмүүсийг мэргэжлийн байгууллагаас бүрэн хяналтад авч, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, урьдчилан сэргийлэх эмчилгээг хийж байгаа бөгөөд эдгээр хүмүүсээс тарваган тахлын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа юм.

ВИДЕО:



Гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ЗӨСҮТ-ийн мэргэжлийн баг, аймгийн Онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй, зөөвөрлөн, тээвэрлэж худалдаалахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ