Монгол Улсын Засгийн газраас Хүүхэд нэг бүрийг СӨБ-д хамруулах, 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулийг 2 ээлжтэй болгох асуудалд анхаарч, боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, чанар, хүртээмжийг нь сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явц, үр дүн, салбар байгууллагуудын ажил байдалтай газар дээр нь танилцах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг баруун аймгуудад ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Ховд аймагт ажиллаж байгаа бөгөөд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавтай уулзаж Боловсрол, соёл, спортын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын чанар, анхаарах асуудлын талаар ярилцлаа.
Дараагаар нь салбарын байгууллагын дарга нар, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгчидтэй уулзан багшийн ёс зүй, хүүхэд хамгаалал, хүүхдэд ээлтэй аюулгүй орчны талаар зөвлөгөө өгч, үүрэг чиглэл өгсөн юм. Мөн тэрээр барилгын компанийн захирал, инженерүүдтэй уулзаж, аймаг, сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл гарган ажиллаж хүүхдэд ээлтэй сургууль, цэцэрлэгийн барилгыг барихдаа эцэг эхийн сэтгэлээр хандаж, орчны аюулгүй байдалд давхар анхааран чанартай, шуурхай гүйцэтгэж ажиллахыг хүссэн юм.2019 онд Ховд аймгийн боловсролын салбарт шинээр болон он дамжин баригдаж буй 17,9 тэрбум төгрөгийн 16 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.