Зөвлөлийн хурлын эхэнд аймгийн ИТХ, ЗДТГ-аас төрийн үйлчилгээний томоохон байгууллагуудтай хамтран 4-р сарын 10-18-ны өдрүүдэд хөдөөгийн 16 суманд зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээний тайлан мэдээлэл хийж, үр дүнг нь хэлэлцэн, сум орон нутаг болон иргэдийн зүгээс уламжилсан гомдол, санал хүсэлтийг цаашид хэрхэн шийдвэрлэж ажиллах талаар ярилцсан юм. Тийм учраас аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон хөдөө орон нутагт ажилласан албан байгууллагуудын дарга эрхлэгч нарыг оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа.
Энэ үеэр өнгөрсөн жилүүдэд хөдөөгийн сумдад хийгдсэн зарим хөрөнгө оруулалтын ажил үр ашиггүй, чанаргүй хийгдсэн талаар хэлэлцэн, учир шалтгааныг нь тогтоож, шалгах, хяналт хийх ажлын хэсэг байгуулан эргэж хариуцлага тооцохоор боллоо. Цаашид орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын чанар, стандартад онцгой анхаарч ажиллахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болгов.
Мөн өнөөдрийн зөвлөлийн хурлаар “Эрх зүйн шинэтгэлийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Иргэний эрх зүйн боловсрол” аймгийн дэд хөтөлбөрийн төслийн танилцуулга, Нохой, муур тэжээх, ашиглах устгахад баримтлах нийтлэг журмын талаар болон Засаг даргын нөөц хөрөнгийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн талаар хэлэлцсэн юм.