Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Дулааны станцууд, дулааны шугам сүлжээний ашиглалт, горим ажиллагааг тогтоох, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх мэргэжлийн баг ажиллуулах хүсэлтийг Эрчим хүчний яаманд хүргүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК –ийн Баруун түгээх төвийн дарга Т.Алтангэрэлээр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа.
Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Т.Жаргалсайхан, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн зохицуулагч Р.Янжмаа нар хүлээн авч уулзан тулгамдсан асуудал, цаашдын зорилтынхоо талаар санал солилцон ярилцлаа. Ажлын хэсэг “”ХОВД” дулааны станц, “БАДАМЛАХ ДӨЛ” ХХК-ийн дулааны шугам сүлжээг Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан горимын тооцоог хийх, өвлийн оргил ачааллын болон аль нэг станцад аваар, саатал гарсан тохиолдолд 2 станцыг зэрэгцээ ажиллуулах шугамын холболт хийх боломж бий эсэхийг судалсан байна. Өөрөөр хэлбэл шугам, сүлжээний горимын тооцоо хийх талаарх санал дүгнэлтээ 05-р сарын 15-ны дотор гарган албан ёсоор ирүүлэхээр боллоо.