Аймгийн Засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 22 ны өдөр Ховд суманд ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Баярсүх, ХХААЖДҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Пүрэвхүү нар болон хэвлэл мэдээллийн төлөөлөл багтан ажиллалаа. Ажлын хэсгийнхэн тус сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж энэ үеэр аймгийн Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны тайлан болон хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар танилцуулж, 2018 онд хийх ажлын төлөвлөгөө, зорилтыг танилцуулав. Тухайлбал Ховд сумыг энэ жил аймгийн төвтэй холбох хатуу хучилттай авто замын ТЭЗҮ-ийг боловсруулахаар болсон, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс сум бүрт 300 мянган төгрөгийн үнэ бүхий эмийн багц, 200 уут тэжээл, 600 боодол өвс нийлүүлээд байгаа, Ховд сумаас энэ жил аймгийн аварга малчин 3, аймгийн аварга тариаланч 1 тус тус тодорсон бөгөөд Улсын аварга тариаланч 1, улсын аварга малчин 1 хүнийг улсын аваргын болзолд хүргүүлсэн, Улсын аварга малчдыг Монгол Улсын Засгийн газраас хараахан эцэслэн шийдвэрлээгүй байга зэрэг олон чухал асуудлаар иргэдэд мэдээлэл өглөө.
Ийнхүү аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг иргэд, хөдөлмөрчдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултуудад хариулж шийдвэрлэх шаардлагатай зарим ажлуудыг газар дээр нь шийдвэрлэж зохих арга хэмжээг авлаа. Тухайлбал, Ховд сумын иргэдийн нэлээдгүй хувь нь газар тариалан эрхэлдэг бөгөөд Буянт сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж түүнийгээ дагаад сургууль цэцэрлэг, эмнэлэгийн үйлчилгээг мөн Буянт сумаас авах шаардлага их гардаг байна. Гэтэл Буянт сумын Эмнэлэг, Сургууль, Дотуур байрны үйлчилгээ Ховд сумын иргэдийн хувьд төдийлөн хүртээмжтэй, тэгш байж чадахгүй байгааг иргэд онцолж байв. Үүнийг аймгийн Засаг дарга анхааралдаа авч холбогдох газруудад үүрэг чиглэл өгөхөө мэдэгдлээ. Мөн сумын Эрүүл мэндийн төвийн барилга, Сургуулийн барилга, Сумын ЗДТГ-ын барилгуудыг шинэчлэх, их засварт оруулах хэрэгцээ шаардлага байгааг иргэд онцоллоо. Нэн ялангуяа Ховд суманд ойрын жилүүдэд бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхгүй ирсэнийг учирлаж байв. Сургуулийн барилгын хувьд их засварт зориулж улсын төсвөөс 500сая төгрөг тавигдсан. Харин үүний оронд дээр нь төсөв нэмээд нэг мөсөн шинэ барилга баривал алс ирээдүйд илүү үр өгөөжтэйг холбогдох хүмүүс болон Засаг даргын зүгээс санал нэг байгаагаа илэрхийлж, цаашид анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Түүнчлэн сумын Эрүүл мэндийн төвийн барилга 1984 онд ашиглалтанд орсон хуучин барилгуудын нэг юм. 2018 онд тус Эмнэлэг магадлан итгэмжлэлээр орох учраас их засварын ажил хийх нэн шаардлагатай байгаа. Энэхүү их засварыг нийт 185 сая төгрөгөөр хийгдэх зураг төсөв гарсан байгаа ажээ. Мөн Ховд суманд өнгөрсөн намраас эхлэн сумын иргэдэд үйлчлэх халуун усны төв ажиллаж эхэлсэн байна. Гэтэл өвлийн энэ хүйтэнд халаалт дулааны зардал хүндхэн байгаа учир аймгийн зүгээс 5тн нүүрс, мөн урсгал засварын 6-7 сая төгрөг шаардлагатай байгаа асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Энэхүү хүсэлтийг аймгийн Засаг даргын зүгээс хүлээн авч эхний ээлжинд 3тн нүүрсийг аймгийн аюулгүйн нөөцөөс гаргаж өгөхөөр шийдвэрлэв.
Уулзалтын үеэр Ховд сумын зарим иргэд энэ жил “өвсгүйн зуд” болж байгааг онцолж байсан юм. Ялангуяа ахмадууд 40-50 жилийн зудыг үзэж байсан. Гэхдээ энэ жилийнх шиг газарт ганц ч өвсгүй зуд харж байгаагүй гэдгийг онцолж байв. Цас ханзраад хавар болоход газарт өвс байхгүй учраас хавар нэлээд хүндрэх төлөвтэй байгааг аймаг, орон нутгийн удирлагуудад учирлаж байв.
Ховд сумын хувьд энэ жил 3638 хүн ам, 824 өрх, 197.554 мал тоолуулсан байна. Үүнээс малчин өрх 652 байна. Сумын хүн ам болон малын тоо өмнөх оныхоос өссөн дүнтэй байна. Тус сумын малчин Х.Асхар аймагтаа хамгийн олон ямаа буюу 1620 ямаа тоолуулжээ. Сумын аюулгүй нөөцөд энэ жил 4100 тн өвс бэлтгэжээ. Харин сумын аюулгүйн нөөцөөс 550 прэсс өвсийг хөнгөлөлттэй үнээр олгоод байгаа бөгөөд аюулгүйн нөөцөд одоогоор 1250 прэсс өвс үлджээ. 01 сарын 18-ны байдлаар нийт 1280 мал хээл хаясан буюу эдгээрийн дийлэнх хувийг ямаа эзэлж байгаа гэнэ. Монгол Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй үнээр нийлүүлэгдэж байгаа өвс тэжээлийг ард иргэдэд олгоод эхэлсэн байна. Өвсийг өрх бүрт тодорхой хэмжээгээр хүргэхийг зорьж байгаа бөгөөд тэжээлийн хувьд мөнгөө төлбөл хүссэн хүн бүрт олгож байгаа гэнэ. Хорголжин тэжээл 40кг ууттай нь 18000 төгрөг, өвс 4000 төгрөгөөр тус тус малчдад худалдаалж байгаа аж.
Өнгөрсөн жил зуншлага тааруу байснаас үүдэн өвөлжилт хүндрэх төлөвтэй байсан учраас ЗДТГ-ын зүгээс эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс төлөвлөгөөт ажлуудыг нэлээдгүй хийсэн гэдгийг сумын Засаг дарга онцолж байлаа.Сумын ЗДТГ-аас өвөлжилт хүндэрч буй газрын малчин өрхүүдээр явж ажилласан бөгөөд эрүүл мэндийн ажилтан болон малын эмчийн бүрэлдэхүүнтэй баг явж сум орон нутгийн бодлого шийдвэрийг танилцуулан, шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ. Өрх бүрт 5 боодол өвс хүргэсэн бөгөөд 200 уут хивэг ирсэнээс 40 уут нь зарагдаад 160 уут үлдээд байгаа гэнэ. Харин тэжээлийн хувьд 300 уут буюу 12тн тэжээл ирсэн байна. Эдгээр хивэг тэжээлийг “Жинст транс” ХХК нийлүүлжээ. Тус компаний зүгээс Ховд суманд 40 кг-тай тэжээл уутыг нь 18000 төгрөгөөр зарж байгаа гэнэ. Үүнийг гар дээрээ бэлэн мөнгөгүй малчин иргэдийн зүгээс худалдан авахад хүндрэлтэй байгааг олон хүн онцолж байлаа. Тэгэхээр цаашид болж өгвөл энэхүү Засгийн газраас хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа хивэг, тэжээлийг хавар төлбөрийг нь төлөх байдлаар буюу зээлээр авахыг иргэд хүсч байв.
Ж.САРУУЛ