Сум орон нутгийн өвөлжилтийн ерөнхий төлөв байдал, малчдын амьдрал ахуй, малын хашаа хороо, өтөг бууц, өвс тэжээлийн нөөцтэй газар дээр нь танилцах зорилгоор аймгийн Засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Цэцэг суманд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Т.Баатарзориг, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, аймгийн ХХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү нар багтан ажилласан байна.
Ажлын хэсгийнхэн Цэцэг сумын Хажинга, Баянгол, Баян овоо багуудын малчидтай уулзаж, багуудын мал аж ахуйн өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж,
“Малчиддаа тусалъя” аяны хүрээнд цугларсан бээлий, шүдэнз, малын нэмнээ, тэжээл, давс, гурил зэрэг бараа, эд материалыг малчин өрхүүдэд хүргэж ажиллалаа. Тухайлбал:Хажинга багийн малчин Ч.Гунгааням, Л.Баасанхүү, Т.Уртнасан, Ч.Дүгэржав, ахмад малчин н.Төгсөө, Баян гол багийн малчин С.Мандалбаяр, Чандмань сумын Жаргалан багаас Цэцэг сумын Баян гол багт отроор өвөлжиж буй малчин Ю.Ганхуяг, Баян овоо багийн малчин, Сумын аварга малчин Б.Бат-Очир нартай уулзаж, аяны хандив тусламжийг гардуулан өгөв.
Цэцэг суманд өөрийн сумын 178317 мянган толгой мал, гадны аймаг, сумдын 30 гаруй мянган толгой мал өвөлжиж байна. Тус сумын нийт нутгаар 10-15 см зузаан цастай байна. Агаарын температур өдөртөө хасах 25-27с градус, шөнөдөө хасах 40-42 с градус хүйтэрч байгаа нь мал өвөлжилтийн байдалд хүндрэл учруулж энэ сарын 17-ны өдрийн байдлаар л гэхэд 243 толгой мал хорогдсон мэдээтэй байна. Сумын өвсний аюулгүйн нөөцөд 2000 орчим пресс авсанаас одоогийн байдлаар 700 орчмыг нь малчдад хүргүүлээд байна.
Тус сумын малчид малын арьс, шир, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханшийг тогтвортой болгох, нэмэгдүүлэх, хивэгэн тэжээлийг малчдад хүргэх, Хажинга багийн "Гангат" өвөлжөөний худгийг сэргээн засварлах зэргийг анхаарч ажиллахыг хүслээ. Ер нь Цэцэг сумын мал аж ахуйн багуудын отрын бүс нутагт зайлшгүй худаг усны хэрэгцээ шаардлага байгааг малчид төдийгүй сум орон нутгийн удирдлагууд ч ярьж байлаа. Тухайлбал, Цэцэг сумын Хажинга багийн худаг нь 308 м гүний худаг бөгөөд мотор, насос эвдэрсэн учраас ашиглах боломжгүй болжээ.
Чандмань сумын Жаргалант багаас Цэцэг сумын Баян гол багт отроор өвөлжиж буй малчин Ю.Ганхуягийн хувьд малын тарга хүч сайн байгаа боловч хээрийн амьтан болох “ирвэс” мал барьж байгаа тухай ярьлаа. Тэрээр 10 гаруй бог малаа Ирвэсэнд бариулсан байна. Баян гол багийн нутаг дэвсгэрт нутаглаж буй Ирвэс нь мал, нохой руу өдрийн цагаар дайрч байгаа гэнэ. Тиймээс байгаль орчны холбогдох байгууллагуудад уламжилж, анхаарч ажиллахыг хүсэв.
Ажлын хэсгийнхэн Цэцэг сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд, аймгийн хэмжээний өвөлжилтийн ерөнхий төлөв байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгсөн бол аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын зөвлөх Т.Баатарзориг, аймгийн ХХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү нар өвөлжилт, хаваржилтын төлөв байдал, Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр ноосны урамшуулалд малчдад хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох тухай, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх сум орон нутгийн хэмжээнд тусгагдсан томоохон хөрөнгө оруулалт, төсвийн талаар тус тус мэдээлэл хүргэж, малчдын санал хүсэлтийг сонслоо.