Жендерийн үндэсний хорооны ажлын хэсэг, аймгийн ЗДТГ-ын ажлын хэсэг хамтран форумын бэлтгэл ханган ажиллаж байна.
Иргэд олон нийтэд болон хэвлэл мэдээллийнхэнд Форумын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр /2024.09.13/ хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн бага хуралд Жендерийн үндэсний хорооны чадавх сургалтын бодлого хариуцсан мэргэжилтэн Н.Оюунчимэг, аймгийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга, Ховд аймгийн ажлын хэсгийн ахлагч Д.Бямбасүрэн, аймгийн ИТХ-ын зохион байгуулалт, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, Сонгуулийн хорооны дэргэдэх мэдээлэл технологийн багийн гишүүн Б.Алтангэрэл нар оролцож мэдээлэл өглөө.
Уг форумд УИХ-ын гишүүн, яам агентлаг, аймаг нийслэл, сум дүүргийн нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, ТББ, ИНБ зэрэг байгууллагын удирдах албан тушаалтан, зочин төлөөлөгч, баруун бүсийн болон Ховд аймгийн салбар, салбарын манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 500 эмэгтэй оролцоно.
Форумаар хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын салбарын асуудалд анхаарч
- “Улс төр, шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр”
- “Орон нутгийн салбарын хөгжлийн бодлого төлөвлөлтөд жендерийн тэгш байдлыг хангах, сайн туршлага”
- “Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн манлайлал, сайн туршлага”
- “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих, талуудын хамтын ажиллагаа” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Жаргалан, Б.Мөнхсоёл, А.Ундраа, С.Замира тэргүүтэй эмэгтэй гишүүд болон яам агентлаг, аймаг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтнууд, ТББ-ын төлөөллүүд оролцож мэдээлэл солилцож, туршлага түгээнэ. Мөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, орон нутгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцоо төлөөлөл, шийдвэрлэх асуудлууд сэдвээр ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр илтгэл танилцуулна.
Түүнчлэн энэ өдөр форумын үйл ажиллагаатай уялдуулан аймгийн төв талбайд “Номын үзэсгэлэн” гаргах бол Сонгогчдын боловсрол төвөөс “Хамтдаа оролцоно, төлөөлнө” уриа дор Хэвшмэл ойлголтод хамтдаа цэг тавья” олон нийтийн өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.