“Шинэ Ховд бизнес инкубатор төв”-ийн нээлт болов



Ховд аймаг 2019 оныг “Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд орон нутагтаа ЖДҮ-ийг хөгжүүлэх, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор “Мянган угалзат” зочид буудлын барилгыг бүрэн засварлаж, “Шинэ Ховд бизнес инкубатор төв” байгуулж, нээлт хийв.



Одоогийн байдлаар бизнес инкубатор төвд “Эко гутал”, “Буянт үйлийн шим” хоршооны ажлын хувцасны үйлдвэр, “Тохируулгатай ажлын байр”, “Гайхамшигт өнгө хэвлэл-сувенер”, “Ажлын цагаан бээлий” үйлдвэр, “Уран зургийн галарей”, “Суран эдлэл” гэсэн долоон аж ахуйн нэгж  нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажиллаж байна. Орон нутгийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг дэмжих замаар “Шинэ Ховд бизнес инкубатор төв” байгуулснаар тогтвортой үйл ажиллагаа явуулах, үйлдвэрлэл өргөжих, шинэ ажлын байр бий болох боломж бүрджээ.



Энэ онд “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийн хүрээнд 17 төсөл, үйл ажиллагааг 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэмжин ажиллажээ. Мөн 13 аж ахуйн нэгж, иргэн ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийг дэмжих нэг тэрбум төгрөгийн зээлд хамрагджээ. Бас 27 хүн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүүгүй зээлд хамрагдсан байна.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ