Энэ сарын 5-ны өдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Эрдэнэбүрэн суманд ажиллалаа. Тэрбээр энэ үеэр Улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Нутгийн удирдлагын ордны барилгын ажлын явцтай танилцлаа. 2019-2020 онд баригдаж ашиглалтад орох тус бүтээн байгуулалтын ажлыг “Цагаан бөлбөө” ХХК хийж гүйцэтгэж байна. Одоогоор барилгын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав энэ оны ажлын графикийн биелэлтийг бүрэн хангаж, хүйтрэхээс өмнө ажлаа эрчимжүүлж ажиллах үүрэг чиглэлийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад өглөө.
Мөн тус сумын Ерөнхий боловсролын сургууль, сурагчдын Дотуур байр, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, сумыг халаалт, дулаанаар хангадаг “Вива зоне” дулааны компанийн Уурын зуухны үйл ажиллагаатай танилцсан юм. Гавьяат багш З.Цагаанхичигийн нэрэмжит Эрдэнэбүрэн сумын ЕБС нь 350 орчим сурагч, 50 гаруй багш, ажилтантай. БСШУСЯ-наас дэвшүүлсэн зорилтын дагуу сайжруулсан хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуулийн хичээлийн байр болон сурагчдын дотуур байр нь 1987, 1989 онуудад ашиглалтад орсон. Хичээлийн байранд хамгийн сүүлд 2009 онд их засвар хийжээ. Харин дотуур байрны хувьд ашиглалтад орсон цагаас хойш их засвар хийгээгүй байгаа юм.
Сургуулийн хичээлийн болон дотуур байрны дээврээс ус гоождог, зарим цонхнуудын рам гажсаны улмаас өвлийн цагт дулаан их алддаг, шал нь цөмөрсөн, гадна хана цуурсан байдалтай байгаа тул сурагчдын эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөл хангагдахгүй байгааг тус сургуулийн хамт олон, сурагчид хэлж байлаа. Тиймээс 2020 онд болох сургуулийн 80 жилийн ойн баяраас өмнө дотуур байр, хичээлийн байранд их засвар хийх хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах хүсэлтийг аймгийн Засаг даргад уламжиллаа.
Мөн Уурын зуухны үйл ажиллагаатай танилцах үеэр Эрдэнэбүрэн сумын удирдлагууд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан 1 м.куб талбайг халаах 1550 төгрөгийн тарифыг сумын дулаан халаалтын төсвийн зардлаас шалтгаалан 1200 төгрөг болгож бууруулж өгөх хүсэлтийг гаргасан юм.