Алтай сумын "Сум сурталчлах өдөр" үйл ажиллагаа болов



Ховд аймгийн  Алтай сумын “Сум сурталчлах өдөр” үйл ажиллагаа өнөөдөр аймгийн төв талбайд боллоо. Алтай сумын “Сум сурталчлах өдөр”-ийн  нээлтэд  аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг  болон сум орон нутгийн удирдах ажилтан,  төлөөлөгч, иргэд хөдөлмөрчид оролцов. Энэ үеэр Алтай сумын хувиараа бизнес эрхлэгч иргэд цагаан идээ, эсгий,  гар урлалын үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Мөн  нутгийн өв соёл, түүх, уламжлалт  ахуйн эд зүйлсийг  харуулсан  үзэсгэлэн гаргалаа.



Тус сумын удирдлагууд хэлэхдээ, сум орон нутгийн хөгжлийн тулгуур нь хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалгийн салбар учраас тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх, услалтын системийг өргөжүүлэхэд анхааран ажиллаж байна гэлээ. Алтай сумынхан 2019 онд цэцэрлэг, сургуулийн өргөтгөл хийх, Алтангадас багийн төвийн барилга, Бодонч голын гүүр барих, услалтын системийн толгой байгууламжийг шинэчлэн засварлах зэрэг 10 орчим төрлийн бүтээн байгуулалтын  ажлыг  улсын болон орон нутгийн төсвийн  нийт 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийжээ.



Энэ удаагийн  үйл ажиллагаа нь  сум орон нутагт хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг иргэд олон нийтэд сурталчлан танилцуулах боломж бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой гэж  албаныхан онцоллоо.  



Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон угсаатны өв соёлыг сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх чиглэлээр тодорхой зорилт дэвшүүлсэн. Энэ дагуу  “Олон үндэстэн ястны өв соёл”  аймгийн дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна.  Тус хөтөлбөрийн  хүрээнд  сумдын “Соёлын өдөр-сум сурталчлах өдөрлөг”-ийг тусгай хуваарийн дагуу зохион байгуулж буй. Үүнтэй холбогдуулан  Алтай сумын ИТХ,  ЗДТГ, Соёлын төв хамтран  “Сум сурталчлах өдөр” үйл ажиллагааг хийснээрээ онцлогтой юм. Энэхүү үйл ажиллагаа “Захчин түмний дуулал” урлагийн тоглолтоор үргэлжилж, сумын 40 гаруй уран бүтээлч оролцоно.  



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ