Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 18-19-ны өдрүүдэд Булган, Үенч, Алтай сумдад ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Батнасан, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Оюунтунгалаг, ХХҮХ-ийн дэд дарга Т.Сайнбаяр, ЭМНДХ-ийн төлөвлөгч, эдийн засагч Б.Мөнх-Амьдрал нар багтан ажиллажээ.
Ажлын хэсэг томилолтын хугацаанд сум орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч, зохих арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ дээрх сумдын иргэд, хөдөлмөрчдөд аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2018 онд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултанд хариулт өгч ажиллав.
Булган, Алтай, Үенч сумдын хувьд энэ жил өвөлжилт харьцангуй сайн байгаа учраас отрын бүс нутаг болон өвөлжилт хүндэрсэн бусад сумдын мал, малчдыг өвөлжүүлж байна. Зөвхөн Булган суманд л гэхэд 10 малчин өрх, 13000 мал өвөлжиж байна.