Монгол улсын баруун хязгаар болсон Ховд аймгийн Булган сум нь 10,0 мянга гаруй хүн амтай, хөгжиж буй сум. Тус сум өмнө нь 2мВт-ын хүчин чадалтай 3 зуухаар халаалт дулааны асуудлаа шийддэг байсан ч хангалттай хэмжээний дулаан үйлдвэрлэж чадахгүйгээс шалтгаалан хүчин чадал нь хүрэлцдэггүй байжээ.
Харин 20мВт-ын хүчин чадал бүхий Булган дулааны станц байгуулагдсанаар сумын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй Булган сум шиг дахин нэг сумыг дулаанаар хангах боломж бүрдсэн байна.
Аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан Булган суманд ажиллах үеэрээ тус станцын үйл ажиллагаатай танилцлаа.
"Булган түшиг" ХХК-ийн захирал Б.Амгаланбаатарын өгч буй мэдээллээр:
Энэхүү дулааны станцыг 2024 онд хувийн хэвшлийн 3.5 тэрбум төгрөгийн өртгөөр барьж ашиглалтад оруулсан. Үүнд 10 мВт-ын хүчин чадал бүхий 2 зуух, барилга, тоноглолын ажлуудын хамт хийж гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар Булган сумын дулааны нийт хэрэгцээ 10 мВт орчим. Нийт 131 аж ахуйн нэгж, байгууллага, 30 гаруй айл өрхийн 223 мянган м3 талбайг халаалт дулаанаар хангаж байна.
Энэхүү бүтээн байгуулалт нь цаашид Булган сум хилийн боомт хот болон хөгжихөд түлхэц болохуйц томоохон ажил болсон гэдгийг онцолж байв. Үүнийг дагаад тус суманд орон сууц, барилга байгууламжийг нэмж шинээр барих нөхцөл бүрджээ.