Өнөөдөр /2024.12.16/ аймгийн “Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн” зохион байгууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр:
-ХАА-н болон төв суурин газрын өвөлжилтийн байдал,
-Цаг агаарын нөхцөл байдал, урьдчилсан төлөв,
-Томуу томуу төст өвчлөлийн дэгдэлт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
Мөн Булган суманд бог малын Мялзан өвчин оношлогдсонтой холбоотой мэдээллийг аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл өглөө.
Эх сурвалжийн мэдээлснээр:
Мялзан өвчин энэ сарын 14-ний өдөр оношлогдсон. Одоогоор тус сумын нэг багийн хоёр өрхийн мал халдвар авсан болох нь тогтоогдоод байна. Үүнтэй холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоож, хяналтад авсан. Вирусээр өвчилдөг учраас халдвар тархсан байж болзошгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлсэн. Холбогдох мэргэжлийн байгууллагуудад уламжилсны дагуу Улаанбаатар хотоос вакцин татаж байгаа. Өнөөдрөөс /2024.12.16/ тухайн суманд дархлаажуулалтын ажлыг эхлүүлнэ. Ялангуяа хүний нөөц дутмаг байгаа учраас бусад сумдаас эмч, мэргэжилтнүүдийг татан авч ажиллуулж байна гэлээ.
Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцогчдод аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг дарга М.Амарсанаа, Засаг даргын орлогч Э.Уртнасан нар ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажил, зорилго зорилтын талаар мэдээлэл өгөв.
Энэ 7 хоногт аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдааныг зохион байгуулна. Тиймээс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах саналаа урьдчилан ирүүлэхийг зөвлөлөө.
Мөн ажлын сахилга хариуцлагыг дээшлүүлж, ил тод, шударга ажиллах, ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллах чиглэлийг өглөө. Цаашид 7 хоног бүрийн Даваа гараг бүр “Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн” зохион байгуулж ажлаа дүгнэж асуудлаа ярилцдаг байхаар боллоо.