1999 онд Засгийн газар, ажил олгогч, ажилтны эрх ашиг, сонирхолыг төлөөлөн хамгаалах, тэнцүү тооны төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог Засгийн газрын дэргэд байгуулсан байдаг. 2000 оноос эхлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг 2 жилд 1 удаа байгуулж, хэрэгжүүлэх ажлыг гэрээнд тусган үр дүнг тооцож ирсэн.
Өнөөдөр /2021.03.22/ Ховд аймгийн Засаг дарга, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо
"Зохистой хөдөлмөр эрхлэлтийн 3 талт 2021-2022 оны хамтын хэлэлцээр”-ээ байгуулж талууд гэрээн гарын үсэг зурж баталгаажууллаа.
Өмнөх жилүүдэд зөвхөн эрх, үүрэг бүхий байгууллагын 3 дарга гэрээ байгуулдаг байсан бол энэ жилийн хувьд хамтын хэлэлцээрт 9 бүлэг бүхий томоохон зорилтуудыг тусган үүрэг хариуцлага хүлээх эрх бүхий талууд нийт 27 хүн гэрээнд гарын үсэг зурсан нь онцлог байлаа. Ингэснээр гэрээнд тусгасан заалтууд илүү үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж талууд үзэж байна.
Тухайлбал, Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж эрүүл аюулгүй хөдөлмөр эрхлэлтийн орчныг бүрдүүлэх, Хөдөлмөрийн хяналтыг сайжруулах, ажлын байранд хөдөлмөрлөх болон эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах, Хөдөлмөрийн харилцааны талуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, Хөдөлмөрийн удирдлага-менежментийг боловсронгуй болгох, Зохистой хөдөлмөрийн харилцааг төлөвшүүлэх, Эрүүл аюулгүй ажиллаж амьдрах орчныг бүрдүүлэх, Хэлэлцээрийн хэрэгжих хугацаа болон хэрэгжилтийг хангах гэсэн 9 чиглэлээр байгууллаа. Гэрээний хэрэгжилт үр дүнг хагас жил тутам тооцон ажиллахаар боллоо.
ВИДЕО: